ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Хүн төрөлхтний амьд хэл болсон хөгжмийн урлагаас ангид гэгээн сайхан амьдралын дүр төрхийг төсөөлөхийн аргагүй юм. Ялангуяа язгуурын оюунлаг монголчуудын тухайтад дуу хуур, хөгжмийн бүтээл нь өдөр тутмын оюун хэрэгцээ, сэтгэлийн хэмжүүр, амьдралын хэрэгсэл мөн бөгөөд мянга мянган жилийн гайхамшигт өв санг буй болгосон ард түмэн билээ.
Монголын дуу хөгжмийн урын сан шинэ бүтээлээр баяжин хөгжсөөр байна. Гагцхүү монгол дууны мэдээллийн санг бүрдүүлж, өөрийн болон гадаад орнуудын хүрээнд монгол дуу хөгжмийн зохиогчийн онцгой эрхийг хамгаалах их үйлсийг олон улсын өнөөгийн мөрдөж буй стандартын түвшинд хэрэгжүүлэх шаардлага эдүгээ хурцаар тавигдаж байна. Чухам энэ зорилгын үүднээс 2011 онд Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг /MOSCAP/ байгуулагдан ажиллаж байна.
Эдүгээ Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг /MOSCAP/-ийн Бүх гишүүдийн хурлаас сонгогдсон Удирдах зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн, Удирдах зөвлөлөөс томилогдсон Гүйцэтгэх захирал, түүний ажлын баг үйл ажиллагаа явуулж байна.
“Зохиогчийн эрх болон хамаарах эрхийн тухай” хууль, тус нийгэмлэгийн дүрмийн хүрээнд үгтэй болон үггүй хөгжмийн бүтээлийн зохиогчийн онцгой эрхийг хамгаалах үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, бизнес төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна. Үүний үрээр оюуны өмчийн онцгой салбар болох дуу хөгжмийн бүтээлийн зохиогчийн эрхийг хамгаалах ажил MOSCAP-т төвлөрч, цэгцэрч эхэлж байна.
Монгол орны нутаг дэвсгэрт эгшиглэж буй монголын болон гадаадын дуу хөгжмийн бүтээлийн зохиогчийн эрх гагцхүү MOSCAP-аар хамгаалагдах эрх зүйн орчин ийнхүү бүрдэж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Тиймээс Зохиолч, хөгжмийн зохиолчдын нийгэмлэгүүдийн Олон улсын холбоо буюу CISAC-ийн ажиглагч гишүүний хувьд MOSCAP олон улсын түвшинд эрх эдэлж, үүрэг гүйцэтгэх Хамтын удирдлагын байгууллага болон төлөвшиж байна.
Монгол Улсад оюуны өмчийн шинэ харилцааг улам бүр төгөлдөржүүлэх үйлсэд хөгжмийн зохиолч, зохиолчдын бүтээл туурвил бүхэн үнэтэй хувь нэмэр оруулах нь дамжиггүй бөгөөд гагцхүү уран бүтээлийнхээ зохиогчийн онцгой эрхийг эзэмших, хамгаалах, үр шимийг нь хүртэх үйлсэд урд өмнөх бүх цаг үеэс илүүтэй бүтээлчээр хамтран ажиллах шаардлага тулгарч байна. Зорилго ариун байхад сайн үйл бүтэх нь дамжиггүй.
Монголын дуу хөгжмийн урлаг дэлхийн дэвжээнд дэлгэрэн хөгжихийн ерөөл өргөе.
Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн
нийгэмлэг /MOSCAP/-ийн Гүйцэтгэх захирал Ү. ХҮРЭЛБААТАР